Нийгэм

Домогт Айзам хамтлагийн ахлагч гитарчин Д.Ганболд МУГЖ боллоо халуун баяр хүргье

Социализмын бүтээн байгуулалт ид өрнөж, урлаг соёлын ертөнцөд барууны салхи сэвэлзэж эхэлсэн цаг. Гагц “Соёл-Эрдэнэ” хамтлаг эстрадын хөгжмийн төрлөөр уран бүтээл туурвиж, монголчууд шимтэн сонсож ахуй. Удалгүй Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордоны харьяа “Айзам” хамтлаг байгуулагдав. Ингээд “Итгэл”, “Дурсамж”, “Чи минь”, “Хайрын дууг минь сонсооч” зэрэг дуунууд мэндэлж, Монголын рок попын ертөнц бүл нэмсэн. “Айзам”-ын бүх дууны ард Д.Ганболд гуайг байсан гэж хэлж болно. Тэр гоцлол гитарчин нь байв.


Ардчилсан хувьсгал ялсны дараа “Айзам” тарж, зах зээлийн шуурганд гишүүд нь өөр өөрсдийн мөрийг хөөн оджээ. Хөгжимд үнэнхүү хайртай Д.Ганболд үүний дараа дуу, шүлгээр амжилт олж гавьсангүй, бас өөр салбарт ч хүч үзэж зүрхэлсэнгүй. Түүний амьдрал сүүлийн 30 жилд таг зогсжээ. 1996 онд автын хүнд осолд орж, 2006 онд цус харвасан тэрбээр гитараа ч барьж чадахгүй хэцүү цаг хугацааг туулж…
Ярилцахаар уулзахад “Айзам”-ын Д.Ганболд багагүй хугацааны дараа ард түмэнтэйгээ хэвлэлээр уулзах гэж буйдаа тунчиг баяртай байв. “Таныг алжаалгүй цөөн хором л хөөрөлдье дөө” гэж хэлэхэд маань “Удаан байсан ч яадаг юм, зүгээр” хэмээн хариулсан тэр яриа дэлгэх гэж чухам яарлаа. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар зарим нэг зүйлээ мартаж санаж, цөөн товч үгээр хариулаад зогсосхийж байв. “ОРОХ УУ” ГЭХЭЭР НЬ “ОРЪЁ” ГЭЭД Л ЭВЛЭЛИЙН ХӨГЖИМЧИН БОЛСОН
Хамгийн сүүлд та “Айзам” хамтлагийн 30 жилийн ойгоор, 2012 онд тайзан дээр гарчээ. Хэдий нь найман жил өнгөрчхөж. Та урлагийн тайзаа хэр үгүйлдэг вэ?
Тайзаа санаж байна. Нэг хэсэг бие жаахан тааруу байсан, одоо азаар гайгүй болж байна. Бие гайгүй байвал тайзан дээрээ ганц гараад тоглочих юмсан л гэж бодож сууна.
Одоо Айзам-ынхныг дуудвал цугларах болов уу?
Бүгд ийш, тийшээ тараад явчихсан даа. Ч.Тамир одоо Францад байгаа. Нэг нь Хөтөлд гэл үү, хаана ч гэлээ ажиллаж байгаа сурагтай. Утастаад дуудвал цугларах л байх даа.
Та тэдэнтэй 20-иод жил хамт тоглосон. Тэдэнтэйгээ хэр ойрхон холбоотой байдаг вэ?
Бараг холбоогүй дээ. Би ч одоо гар утасгүй болчхоод байна. Хааяа эхнэрийнхээ утсаар залгаад ярьдаг л юм.


“Айзам” хамтлаг анх Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордоны харьяанд байгуулагдаж байж. Та Эвлэлийн хөгжимчин болсон дурсамжаасаа хуваалцана уу?
Би Улаанбаатар хотод төрж, биокомбинатад өссөн хүү. Ээж маань цэргийн ангийн тогооч, аав клубийн дарга хүн байв. 10 жилийн сургуулиа төгсөөд дээд сургуульд орох гээд тэнцээгүй. Тэгээд ТЭМС-д трактор, комбайнч мэргэжлээр элсэж ороод төгссөн. Төгссөний хойно намайг Мэнэнгийн талд ажиллуулахаар хуваарилахаар нь би яваагүй.
Үйлдвэрчний эвлэл 1975 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн санагдана. Тэр үед гитарчин шалгаруулж авах уралдаан зарлахад нь оролцоод түрүүлсэн. “Орох уу” гэхээр нь “Оръё” гэж хэлээд л Эвлэлийн хөгжимчнөөр ажилд орсон доо.
Ингээд 1978 онд клубт бүжиг явуулдаг хамтлаг байгуулаад, жилийн дараа “Айзам” болгосон түүхтэй.
БӨМБӨРИЙНХӨӨ УРД АЙЗАМ ГЭЖ БИЧЭЭД Л ТОГЛОЖ ЭХЭЛСЭН ДЭЭ
Та тэгээд хэзээнээс цахилгаан гитар тоглох болов?
10 жилийн хүүхэд байхдаа л. Биокомбинатад Унгараас ирсэн хоёр мэргэжилтэн амьдардаг байв. Тэр хоёр намайг Гриша гэж дуудна. Би унгар хэл мэдэхгүй, тэр хоёр ч монгол хэл мэдэхгүй. Оросоор л чүү ай ойлголцдог байлаа. Тэр хоёр Будапештед рок хамтлагтай байсан юм билээ л дээ. Тэгээд л надад цахилгаан гитар зааж өгсөн. Би дор нь л сурчихсан хэрэг.
Тэгж Айзам байгуулагджээ. Хамгийн эхэнд ямар дуугаа бичүүлж байв?


“Итгэл”-ийг.
“Алсыг зорьсон аяны шувууд шиг
Амраг чи минь холыг зориход
Халуун зүрх минь хагацлаар шимширч
Харгуй зам дээр ганцаар хоцорлоо” (Дуугаа аялахдаа гараа агаарт гитар тоглож буй мэт зангаж, хөлөө хэмнэл дагуу товшиж байв). Энэ дуу их мандсан даа. Үг, аяыг нь би өөрөө зохиосон. Хайрын тухай, итгэлийн тухай дуу. Анх ганцаар гитартай дуулж суудаг байсан хэрэг. Ингээд хамтлагаараа дуулсан, зурагтаар үргэлж гараад л, ёстой мандаж гарсан даа.
Бодвол та хайр сэтгэлтэй учирчихсан байж дээ?
Тийм шүү. Эхнэртэйгээ дөнгөж танилцаад байсан үе. Удалгүй хамтлаг байгуулагдсаны дараа эхнэр, бид хоёр гэрлэж, ганц хүүгээ төрүүлсэн.
Социалист нийгэмд дуугаа студид бичүүлэх боломж хэрхэн олдож байв?
Дээрээс Үндэсний телевизэд очиж бичүүлнэ гээд л, бид очиж бичүүлсэн.Зардал мөнгө нь улсаас л гардаг байж таарна.Тийм, социализмын үе юм чинь.
“Айзам” гэдэг нэрийг таныг өгсөн гэдэг, үнэн үү?
Тийм ээ, би өгсөн. Хамтлаг анх таван хүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн тул таван үсэгтэй нэр хайж байсан. Үүний дээр хөгжимтэй холбоо утга бүхий үг хэрэгтэй байлаа. Ингээд л А үсгээр ч эхэлсэн юм байна, Айзам гэж нэрлэсэн. Бөмбөрийнхөө урд Айзам гэж бичээд л тоглож эхэлсэн дээ.ХӨГЖИМЧИН 400 ТӨГРӨГ, ХАМТЛАГИЙН АХЛАГЧ 450 ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БАЙВ
Хамтлагийн анхны баг бүрэлдэхүүнд хэн, хэн байв?
О.Энхболд, Ц.Батсайхан хоёр дуулна. Орган дээр М.Батболд. Аргил гитар дээр Ч.Тамир, одоо Францад байгаа. Бөмбөр дээр талийгч Ц.Зандраа байсан.Бүр анх хамтлагийг Т.Нямдорж эхлүүлээд хэдэн сарын дараа гарчихсан юм. Одоо “Харанга”-ын Ц.Энхманлай бас эхэнд нь байж байгаад цэрэгт яваад өгсөн. Тэгээд би хамтлагийн ахлагч, гоцлол гитарчнаар дуусан дуустлаа явсан.Энэ бүрэлдэхүүнээрээ орон нутаг, бригадуудаар мөн ч их явж тоглосон доо.


“Айзам” хэдэн цомогтой вэ?
Хоёр. Анхны цомгоо 1984 онд хэвлүүлж байлуу даа. ЗХУ-д очиж бичүүлж байсан юм.Одоо бол хамтлагууд зардлаа өөрсдөө босгоно, ашгаа өөрсдөө хувааж авна. Тэр үед та хэд хэр биелэгжүү залуус байв?
Өө, биелэгжүү байгаад шалихгүй. Эвлэлд ажилладаг гэдэг үүднээс нормын цалингаа л авдаг байсан. Тоглолтын тасалбар, цомгийн борлуулалтын 10 хувийг ч бил үү бид авдаг байсан. Тэгээд л болоо. Хөгжимчин нь 400 төгрөг, хамтлагийн ахлагч 450 төгрөгийн цалинтай.
Та 50 төгрөг илүү авдаг байжээ?
Аа, тийм (инээв).
Зохиосон дуугаараа олонд танигдаж, бригадуудаар тоглолт хийгээд явахад танд эхэндээ ямар санагддаг байв?
Зурагтаар гарахад л их баярладаг байж билээ. Бидний хөдөлмөр үнэлэгдэж дээ гээд. Тайзан дээр анх гарахад ичээд, зритл рүү ч харж чаддаггүй байлаа. Зүгээр арын суурь хоолой хийж, аа оо гэж дуугарах гээд чаддаггүй. Би ер дуулахдаа маруухан хүн. Сүүлдээ тайзандаа дасаж, ичиж зовохоо больсон. Өөрөө микрофоны өмнө ирж зогсоод нэг дуу дуулчихдаг хүртэл болсон /инээв. Сурв/. Би тайзан дээр байхдаа л хамгийн жаргалтай байдаг байж. Үйлдвэрчний ордны 1500 суудал дүүрэн хүн намайг харж байгаа гэж бодохоор л…
Ардчилсан хувьсгал ялсан, Үйлдвэрчний эвлэлийг татан буулгасан. Дагаад “Айзам” ч байхгүй болох нөхцөл үүссэн байх?
Тийм ээ. Эвлэлийг дагаад Айзам ч байхгүй болсон юм.
Тэгэхээр таны Айзам-тай өнгөрүүлсэн жилүүд улсад хийсэн ажилд тооцогддог юм байна?
Тэгэлгүй яах вэ. Хамтлаг чинь олон нийтийн байгууллага гэж явдаг байсан. Тэтгэвэртээ гарах болтол улсад 15 жил ажилласан гэж намайг бүртгэсэн. Эхлээд 150 мянга, дараа нь нэмэгдээд 300 мянган төгрөг болсон, тэтгэвэр.Бие даагаад явъя гэсэн ч хөгжим байхгүй. Хөгжим хэнээр авахуулахаа мэдэхгүй. Хөгжим хүртэл улсынх шүү дээ. Бид ажилгүй болчихсон болохоор орлого байхгүй. Арга ядаад хөгжим түрээслэж, нэг хэсэг тоглож үзсээн.


Хамтлаг тарсны дараа та Орост нэг хэсэг амьдарсан юм билээ?
Тийм ээ. Манай эхнэр 1989 онд Орост сургуульд явсан юм. Хамтлаг тарангуут би хүүгээ аваад 1992 онд эхнэр дээрээ очсон. Ингээд 1996 хүртэл бид тэнд амьдарсан юм. Энэ үед “Намрын шивнээ” дуугаа зохиосон шүү дээ. “Шиврээ, шиврээ бороо…”Намайг явсны дараа “Айзам-2” гэж хамтлаг байгуулагдаад нэг хэсэг дуулсан байна билээ. Би 1996 онд Монголд ирээд О.Энхболд нартайгаа нийлээд баранд дуулдаг болсон. 1996-2002 он хүртэл бараг тэгж явсан байх шүү.
Айзам-2-ыг байгуулсан хүмүүсийг та таньдаг байсан уу?
Өө, танихаар барах уу. Миний шавь нар гэж хэлж болохоор хүмүүс. С.Гантөр, О.Хүрэлбаатар хоёр “Айзам” тарахаас өмнө над дээр ирж хөгжим заалгуулдаг байлаа.
2006, 2012 онд та тоглолт хийсэн байна. Тайзан дээр дахиж гарах хүсэл хатгаж, зүгээр суулгаагүй байх л даа?
Тэгэлгүй яах вэ. “Айзам”-ын дууг хүмүүст эргэн нэг сануулъя гэж бодоод яаж ийгээд хоёр удаа тоглочихсон шүү. 2006 онд би бие даасан “Дурсамж” тоглолтоо хийсэн. Дурсамж дуугаараа эхлээд л. Соёлын төв өргөөнд тоглоход танхим пиг дүүрэн хүн үзсэн. Дараа нь 2012 онд Ч.Тамир Францаас ирээд, бид Айзамын 30 жилийн ойн тоглолтыг хийсэн.
Тайзан дээр эргэж гарахад ямар байв?
Үнэхээр сайхан байсан. Бүр залуу болчихсон юм шиг л санагдсан. Эргээд залуу насандаа оччихсон юм шиг.


Та хамгийн сүүлд ямар дуу зохиов. Ер дуу зохиолгүй хэр удаж байна вэ?
Дуу зохиолгүй дөрөв, таван ч жил болж байна даа. Хамгийн сүүлд зохиосон дуугаа яг оноож хэлж мэдэхгүй юм. Хүмүүст сонсгож чадаагүй нэлээд хэдэн юм бий.ЯАРМАГТ, УСЫГ НЬ ТАСАЛСАН ТҮРЭЭСИЙН БАЙРАНД АМЬДАРДАГ
Гитараа хэр барьж байна вэ?
Бараг барихгүй дээ. Хийх юм олдохгүй тийм үед “Гитар аваад ир” гээд л, жаахан тоглоно. Банзан гитарын маань утас болохоо байчхаад байна. Цахилгаанд залгаагүй байхад дуугардаг цахилгаан гитар бий. Түүгээрээ л хааяа нэг оролдоно.
Нэг сайхан цахилгаан гитартай болчихмоор юм байна даа?
Болно оо. Болно гэж бодож байна. Их хүсэж байна. Үнэхээр тийм.
Би таныг одоо дахиад тайзан дээр гарах, ард түмэнтэйгээ уран бүтээлээр уулзахын хүслэн болж суугаа байх гэж бодох юм?
Тэгэлгүй яах вэ. Үнэхээр тийм. Ядаж дахиад ганцхан удаа ч болтугай тайзан дээр гарах юм сан. Чи яг миний бодож явдаг зүйлийг хэлчихлээ.Надад эрүүл мэндийн асуудал байсан, одоо гайгүй болсон. Гол нь хөгжмийн зэмсэг болон хамт олон л хэрэгтэй болоод байна. Бүгд энд, тэнд тарчихсан болохоор цуглуулах гэж хэцүү юм. Шинээр дуу зохиох ч нэг их хэрэггүй, хуучин дуунуудаа л дуулчихна. “Айзам”-ын дуунууд бүгд минийх юм чинь.


Мөнгө, санхүүгийн асуудал хамгийн түрүүнд тулгарч байгаа. Хүмүүсээс босгох гэж оролдож үзэв үү?
Үзээгүй. Хэрэв гуйвал албан байгууллагууд туслах л байх даа. Туслана гэж бодож байна.
Өөр танд амьдралаас хүсэж буй зүйл байна уу?
Одоо эхнэртэйгээ нэг өрөө байранд орчихвол тун хэрэг байна. Бид хоёр Яармагт усыг нь тасалчихсан түрээсийн байранд амьдардаг. Хүү, ач нартайгаа цуг.
Энэ түрээсийн байрандаа та хэдэн жил амьдарч байгаа вэ?
Хоёр жил болж байна. Өмнө нь эхнэрийнхээ аавынд, хадмуудтайгаа амьдарч байсан юм. Дараа нь нэг хэсэг монгол гэрт амьдарлаа. Тэгээд нэг түрээсийн байранд ороод эздэд нь хөөгдсөн. Ингээд сүүлд нь Яармагт энэ байрыг олоод нүүсэн. Усыг нь хаачихсан болохоор дэлгүүрээс ус зөөгөөд л.
Сарын түрээс нь хэд вэ?
Гайгүй дээ. Далан хэдэн мянган төгрөг.
Та хэзээ цус харвасан юм бэ?
Өө, 2008 онд. Гадаа явж байтал гэнэт л хөл бохироод уначихсан. Салгалсаар яваад гэртээ орж ирээд хоёр, гурван хоног нам хэвтээд гайгүй болсон. Эхэндээ хоёр гар ч хөдөлдөггүй байлаа. Одоо овоо дээрдээд байна. Алхаж явахад жаахан хэцүү. Хурдан явбал толгой эргэнэ.Санаа зовох, бодох асуудал их байсан, тэр үед. Хэт их стресстсэнээс л болсон юм шиг билээ.
Дуртай зүйлээ хийхгүй, тогтсон ажилгүй амьдрах ямар сайн байх вэ?
Тийм шүү дээ. Гэртээ дуу бичихээс өөр чадах юмгүй. Дуу хийгээд ч хэндээ өгөх билээ.
Гэхдээ та өвчнийхөө талаар ярих төдийлөн дуртай биш байна?
Тийм ээ, яг зөв. Үнэхээр өвчин зовлонгоо яриад байхыг хүсдэггүй юм. Начир дээрээ “Өө, нөгөө Ганболд чинь харваад  нэмэргүй болчихсон байна” гэж яриулахыг хүсдэггүй л байхгүй юу. Одоо ч гэсэн Айзамын Ганболд хэвээр байгаа гэдгийг мэдрүүлэх гэж. “Айзам хэвээрээ шүү, та нар баярлах болоогүй шүү” гэж байгаа юм уу хаашаа юм /инээв/.


Ний нуугүй хэлэхэд та хэр аз жаргалтай амьдарч байна вэ?
Ний нуугүй хэлэхэд, жаргалтай амьдраагүй ээ. Ер нь хэцүүхэн л амьдарч байна. Эхнэрийнхээ олдог цалингийн хэдэн төгрөгөөр болгох гээд л. Хүү маань миний иргэний үнэмлэхийг гээчихсэн. Иргэний үнэмлэх ч байхгүй, тэтгэврээ ч авч чадахгүй, иймэрхүү л байна.
Таны үеийн зарим уран бүтээлчид одоо хэр дуулаад, эсвэл хувийн студи ажиллуулаад явж байгаа нь мэр сэр харагддаг. Танд ямар бодол төрж байх юм?
Өө, надад атаархдаг хүн байхгүй ээ. Харин ч Монголын рок поп ийм сайхан хөгжиж байгааг хараад баярладаг. Зурагтаар гарахаар би салахаа мэдэхгүй үзээд суучхаж байгаа юм чинь. Харангын Ц.Энхманлайг хараад лав би баярламаар санагддаг. Хамгийн гол нь залуу үе байхгүй юу.
Амьд хөгжмөөр уран бүтээл туурвидаг залуус олон болсон. Та энэ хөгжмийн үрийг Монголд анх тарилцсан гэж болох хүний хувьд, залуустаа юу гэж хэлмээр санагдаж явдаг вэ?
Миний дүү нар, рок попыг энэ эрчээрээ хөгжүүлээд, олон улсад тодрон гялалзахын төлөө л хөдөлмөрлөөрэй гэж захих байна даа.
Гэхдээ хөгжмийн амьдрал тийм ч амаргүй юм аа?
Өө, хэцүү хэцүү. Нэгдүгээрт, авьяас хэрэгтэй. Хоёрдугаарт, тоглохдоо барууных шиг, эгзгий нь олж тоглох хэрэгтэй. Мэдрэмж их чухал. Ер нь рок хөгжим баруунаас л гаралтай юм чинь.Тэгэлгүй яах вэ. Эхнэртээ хязгааргүй их баярлаж явдаг. Энэ хайрын дуунуудыг эхнэртээ л зориулж хийсэн юм чинь.
Та ганц хүүтэй гэсэн, хөгжмийн хүн болсон уу?
Хөгжмийн хүн болоогүй. Гэхдээ тоглодог. Би уг нь гитар тоглохыг огт зааж өгөөгүй юм, над шиг амьтан болчихно гээд. Гэтэл өөрөө сурчхаад надад үзүүлсэн шүү. Би мэл гайхснаа санаж байна.
Одоо эргээд бодоход танд харамсаж явдаг зүйл бий юү?
Тэр жил Ленинград руу дэмий явж, Айзамаа үргэлжлүүлдэг байж л гэж бодох юм даа.
Танд төрөөс ямар гавьяа шагнал өгөв?
2005 онд байна уу, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн.  2006 онд Соёлын тэргүүний ажилтан болсон. Үгүй, ядахнаа гавьяат өгчихгүй яав даа гэж бодож л байсан санагдана.
Тэгэхээр та бүр сүүлд СТА болсон юм байна шүү дээ.


Тийм ээ.
Танд ярилцлагаараа дамжуулж хэлэх зүйл үлдэв үү?
Үлдсэнгүй дээ. Намайг тоож ярилцлага авна гэдэг хамгийн том тус. Төр засаг минь миний хөдөлмөрийг зөв үнэлээсэй л гэж бодох юм даа. Тэр нь мөнгө төгрөг, одон шагнал байх албагүй ээ.
Д.Ганболд гуай ярихдаа багагүй хүч зарцуулж байсан тул нэг цаг гаран хөөрөлдөхдөө нэлээд ядрав. Дуу хөгжим ярихдаа нүд нь сэргэж, хөлөө өөрийн эрхгүй товших, ахуй амьдрал ярихаараа харцны нь гал бөхөх энэ хүн социализмын он жилүүдэд урлагт бишгүй хөдөлмөрлөсөн нэгэн.Гавьяа шагналыг нь өгчихвөл баярлах л байх даа. Өөрөө ч шагнал гэхгүй, тоохгүй хүн юм” гэж гэргий Д.Уранчимэг нь учирлана. Хэдий эрүүл мэндийн шалтгаанаар хангалттай, сэтгэлээ онгойтол хариулж чадаагүй ч тэрбээр миний хоёр гарыг атгаж, талархсанаа илэрхийлээд үлдсэн юм.Өнөөдөр тэрээр МУГЖ цолоор шагнуулж ард түмэнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэнд халуун баяр хүргье.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button