Нийгэм

“Хэцүү даалгавар” киноны бүтэлгүй инженер хошин урлагийн мастер Гончигийн Дашхүү

Миний аав Дашхүү нь 1948 онд Баянхонгор аймгийн Богд сумын “Хоёр худаг” гэдэг газар малчин ард Ишжанцангийн Гончигийн ууган хүү болж мэндэлжээ. Аав минь 1970 онд цэргийн алба хаагаад Улсын Хүүхэд Залуучуудын театрт дагалдан жүжигчнээр ажилд орж насан өөд болтлоо энэ театрын төлөө зүтгэж, урлагт амь амьдралаа зориулсан жүжигчин хүн байлаа.
Энэ театрт 30 гаруй жил тасралтгүй ажиллахдаа Д.Намдагийн “Зөгнөл” жүжгийн Галсанжав, Ч.Чимэдийн “Хүний санаа” жүжгийн Батжав, Д.Батбаярын “Хайрыг хайрла” жүжгийн эцэг, А.Островскийн “Авьяастан бишрэгчид” жүжгийн Костя, С.Жаргалсайханы “Диваажинд хүрэх зам”, “Гоо сайхны мэс засал” жүжгүүдийн Хавсай, Даашка зэрэг 100 шахам жүжгийн гол ба туслах дүрд, мөн “Ховор хүмүүс”, “Газар шороо”, “Бэрсүүт жүрж”, “Хүлээх газар”, “Хэцүү даалгавар” зэрэг олон кинонд тогложээ.

1977 оноос насан өөд болтлоо жил бүрийн 4 сарын 1-ны “Элдэв зураг” хөтөлбөрийг өөрийн зохиосон хошин үзүүлбэр дээр үндэслэн тоглуулж, хошин урлагийг театрын тайзнаа бие даасан үзвэр болгоход гол үүрэг гүйцэтгэн, ард түмэндээ хайрлан хүндлэгдэн хошин урлагийн од болон гэрэлтэж байсан чадварлаг жүжигчин байсан.

Аавын минь хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж, “Алтан гадас” одон, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, бусад ойн медалиудаар шагнаж байсан ба өөрийн зохиосон хошин зохиолоор “Азтай бадарчин” наадамд оролцон нэг бус удаа тэргүүн байрын шагналыг хүртэж байсан.

Аав маань тайз дэлгэцнээ бүтээсэн дүрээрээ шилдэг жүжигчин болохоо нэгэнт харуулсан, хошин урлагт гүйцэтгэсэн үүрэг, бүтээсэн дүрүүдээрээ хошин урлагийн мастер од болсон ийм л жүжигчин хүн байлаа.

Аав минь ард түмэндээ бол инээдмийн жүжигчин. Элдэв зургийн эзэн, Хэцүү даалгаврын бүтэлгүй инженер нөхрөөр л төсөөлөгддөг байх. Намайг бага байхад ч гэсэн хүмүүс асуудаг л байсан. “Аав чинь гэртээ жүжиглэдэг үү” гэж. Ер нь л хошин урлагийн жүжигчдийг ихэнхдээ тэгж төсөөлдөг юм шиг байна лээ. Бараг л гэртээ жүжиглээд байж байдаг гэж. Манай аав бол гэртээ маш дуугүй, даруу хүн байсан л даа. Ихэнхдээ ном уншаад сууж байдаг ч юмуу, төлөв байдалтай л байдаг хүн байлаа.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button