Нийгэм

Агуу жүжигчин Латифын амьдралд нэг л өдөр бараан сүүдэр туссан юм. 2 сайхан хүү нь жил дарааллан араас нь одлоо

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж хэлсэн нь бий. Маргаангүй үнэн үг. Б.Содном, Д.Батсүх, Д.Цээеэ, Т.Латиф нар цаг үеийн шалгуураар төрөн гарсан шилдгүүд. Хошин шогийн мэдрэмж, түүнийг бусдад түгээх чадвар бол давтагдашгүй ховор зүйл байдаг. Үзэгч түмнээ инээлгэх хувьтай төрсөн алиалагч нар маань 60 нас ч хүрэлгүй, зарим нь алдар гавьяа ч хүртэлгүй хорвоог орхисон нь юутай харамсалтай.Ингээд бүтээсэн дүр, хөдөлгөөн, алхаа гишгээ нь хүртэл дахин давтагдахааргүй гайхалтай уран бүтээлч болох, 1970-1980 оны үед од болон гялалзаж асан Т.Латиф гуайн тухай өгүүлье.Алс баруун хязгаар, Ховд аймгийн Булган сум бол домборын аялгуу, бүргэдийн дэвэлттэй нутаг бөгөөд Төлеген, Замир нарын гэрт мэндэлсэн хүү хожмоо хотол олондоо инээд бэлэглэх учиртай нэгэн болох байжээ. Т.Латиф гуай зургадугаар ангид байхдаа онц сурч Унгарт пионерын амралтад явах эрхийн бичгээр шагнуулж, алс Европт хөл тавиад ирсэн түүхтэй. 1963 оны намар Баян-Өлгий аймгийн 10 жилийг төгссөн казах хөвгүүн их хотыг зорин ирж, Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид элсчээ.

Элсэлтийн комиссын дарга нь жүжгийн зохиолч Э.Оюун гуай байж. Монголоор жаахан хазгай ярьдаг, хачин янзын төрхтэй казах хүү драмын ангид элсэн орох шалгалтаа казах хэл дээр өгсөн гэдэг. Э.Оюун гуай пантамимо хийж үзүүлсэн Т.Латифд “Хүү минь чамд авьяас байна. Гэвч Монгол хэлийг төгс эзэмших хэрэгтэй. Үүнийг чамд даалгаад сургуульд элсүүлье” хэмээжээ. Ийнхүү Монголын урлагийнхны дунд “Их хар бурхан” хэмээн алдаршсан Раднаа багшийн ангид Т.Латиф гуай жүжигчин болох цагаан толгойгоо заалгаж эхэлсэн байна.1967 онд Елмес гэх бүсгүйтэй гэрлэж таван хүүхдийн эцэг эх болжээ.

Түүнийг ангийн найз нөхөд нь дурсан ярихдаа “Оюутан байхдаа их дуу цөөтэй хүүхэд байсан, казах хүүхэд Монгол хэл мэддэггүй байх гэж хоорондоо ярилцдаг байсан. Нэг өдөр ангийнхан нь дуулах болж нэрийг нь мэдэхээс цаашгүй Латифаар дуулуулъя  гэхэд мань хүн казах вальсаа хачин гоё дуулсан” гэж дурсан ярьжээ.Раднаа багш нь “Би Монгол Улсад жүжигчин бэлдэж байгаа, ийм аялгатай байх юм бол нөхөр минь гуравдугаар курсээс би чамайг шууд хөөнө” гэж байсан гэдэг.Улмаар ангидаа хамгийн сүүлд үлдэн хэл ярианы дасгалуудаа давтсаар төгсөхдөө Монгол хэлдээ үеийн нөхдөөсөө ч илүү дикцтэй ярьдаг болсон байна. Т.Латиф гуайн оюутан ахуй насны бас нэг сонирхолтой яриа байдаг нь тэрээр чулуугаар  мэргэлдэг байсан гэнэ.Жүжигчний ангиа төгсөөд Улсын драмын театрт орохдоо Д.Намдаг гуайн “Ээдрээ” жүжгийн “Доголон Дорлиг”-ийн дүрд тоглож. Үүнээс хойш театрын тайзнаа 10 гаруй жүжигт тогложээ. 1971 онд Дамдин найруулагчийн бүтээсэн “Улаан дарцаг” киногоор кино урлагт хөл тавьсан. Залуу нас халгиж, цалгисан авъяас хоёр хамт байхдаа үргэлж шинийг эрэлхийлж бүтээж байдаг гэдэг. Монголын соёл урлагийн түүхэнд түүний нэртэй холбогдсон олон шинэ өнгө гарч ирж Т.Латифгүй, түүний хамтран тоглоогүй үдэшлэг, цэнгүүн гэж үгүй он жилүүд удаан үргэлжилсэн гэдэг.

“Хүний мөр”, “Улаан дарцаг”, “Амьдралын нахиа” гэх хэдхэн кинонд дүр бүтээсэн ч ямар ч алдартай жүжигчнээс дутахгүй олон (одоогийнхоор) фэнтэй байж, хаа ч явсан хүүхдүүд дагаж гүйлддэг байлаа.Тэрээр 1973 онд “Соёл-Эрдэнэ” чуулга анхны тоглолтоо хийж байхад хөтөлж  байсан Монголын эстрадын урлагийн анхны хөтлөгчдийн нэг.Хүний амьдрал хойно асгаж цалгисан амжилт, алдар нэр гэж байхад алдаан дээр нь дөрөөлөхөөр анаж хүлээсэн нэгэн ч байдаг. Монгол Улсын гавъяат цол 37 насандаа  хүртэх гэж явсан Т.Латифын амьдралд нэг л өдөр бараан сүүдэр туссан. Тухайн цаг үеийн мэдээлэл, радио телевизийн улсын төв хорооныхон зусланд болсон нэгэн үдэшлэгт Т.Латифыг урьсан гэдэг. Тоглолт дуусч, жаахан ч халсан байж. Энэ үед гарсан маргаанаас болж театрт байх уу үгүй юу, цаашлаад аавын хаалга татахдаа ч тулсан гэх харамсалтай яриа бий.

Драмын театраас гарсан жилдээ бүтэн жил гаруйн хугацаанд циркт малчнаар ажилласан гэдэг. Ингээд үүрээр эртлэн босож циркийн гадна талыг цэвэрлэдэг байсан гэх. Алтан үеийн жүжигчин Цээеэ гуай тэр үед ид алдаршиж буй алиалагч байв. Портнёр дутаж байх үед нь найруулагчид хоёр, гурван удаа алиалагч болооч гэсэн санал тавихад нь хэдийгээр татгалзсан ч олон удаа ятгасны эцэст Цээеэ гуайтай хамтарч, дараа нь жүжигчин Батсүх сургуулиа төгсөж ирээд хамт ажилласан байдаг. Ингээд алиалагч болох зам нь нээгдсэн жүжигчин Т.Латиф циркийн тайзнаа дүрээ мөнхөлсөн юм.

Алиалагч болох зам мөр нь анхнаасаа л драмын жүжигчин байх үед нь “татаж чангааж” байсныг гэрчлэх нэгэн дурсамж бий. Т.Латиф агсан драмын театрт байхдаа Отелло жүжигт тоглосон тухайгаа ”Нэг удаа Отелло жүжгийн Ягогийн дүрд тоглов оо. Дүрийн шаардлагаар бол үзэгчид намайг үзэн ядаж л суух ёстой юм. Гэтэл намайг тайзанд гарахаар л цөм тачигнатал инээлдэнэ. Бүр хүн алахаар гэтэж явахад хүртэл тэд инээгээд байхыг нь яана. Тоглолтын дараа найруулагч намайг зад загнав. Тэднийг инээлгэхээр ер оролдоогүй, дүрээ бүтээх гэж л чармайсан. Үзэгчид л инээлдээд байх чинь билээ гэж өчлөө. Тэгтэл нэг ахмад жүжигчин “Латиф ер нь драмын жүжигт тохирохгүй юм шиг байна. Энэ бол ерөөсөө байгалиас заяасан алиалагч юм. Латифт хамгийн тохиромжтой нь хошин шог дүр л юм шиг байна” гэсэн байдаг.

Тэрээр Чехийн Копенгагэн, Дани зэрэг олон улс орнуудад очиж тоглолтоо хийжээ. Т.Латиф гуай 45 насандаа МУСТА цол тэмдэг авч нэг жилийн дараа буюу 1990 онд циркийн суудал дүүрэн үзэгчтэй тайлан тоглолтоо хийгээд 1991 онд 46 насандаа өөд болсон билээ. Нэрт алиалагч маань халаасандаа гараа хийгээд “Миний халаасанд гавьяат байна” гэж ярьж байсан гэдэг. Хувь хүний хувьд  цайлган итгэмтгий, тун ч хээнцэр хүн байсан гэдэг. 1991 онд өнгөрөхөд нь хүний нутагт авъяастнаа алдсан найрагч халаглан гашуудахдаа “…бараан захын Эрээн хот бурхангүй юм байлгүй чааваас” гэж халагласан аж.

Нэрт алиалагч, жүжигчин Т.Латиф агсны бага хүү, жүжигчин Л.Нурбулан таалал төгсжээ. Цэнхэр дэлгэцээр олон хүнд инээд хөөр бэлэглэдэг байсан тэрээр уушгины буглаа өвчнөөр оношлогдож, цаг алдалгүй хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн боловч өвчин нь хүндэрч, БНХАУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон аж.Түүний хагалгаанд зориулж мэргэжил нэгт нөхөд нь “Дулаан сэтгэл” гэх хандивын аян өрнүүлж, сайхан сэтгэлт Монголын ард түмэн сэтгэлийн хандиваа өргөж хагалгааны зардалд нь нэмэрлэж байсан билээ. Түүний ар гэр, найз нөхөд, мэргэжил нэгт андуудад нь Монголын ард түмний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Соёлын тэргүүний ажилтан, дуучин, ая зохиогч Л.Байзда таалал төгсжээ.Тэрбээр Хүүхдийн ордны “Цэцэг” хамтлагаас уран бүтээлээ эхлүүлсэн бөгөөд
1988-1992 онд Багшийн сургуульд суралцаж төгсөж байв.Түүний “Танилцъя охин минь”, “Нандин эрдэнэ”, “Миний нутгийн өглөө”, “Ондоо” зэрэг олон дуу зуун дамжин залуусын сонирхолд хөглөгдөн эгшиглэж байсан билээ. Байзадагийн зохиосон олон дуу Монголын эстрадын дуучдын урын санд орж дуулагдаж ирсэн юм.

Дуучин Л.Байзда бол хорь, хорин нэгдүгээр зуун дамнасан Монголын эстрадын гэрэлт нэгэн од байсныг хэн ч үгүйсгэхгүй бизээ. Эх нутгийнхаа элгэн хөрсөнд тайван нойрсоорой.Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхөд, шүтэн бишрэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button