Нийгэм

Трансжендер мисс Энхриймаа: Би лав ийм царай муутай нөхөртэй блохгүй ээ, арай ч дээ

Хүйсээ солиулснаас болж эх орондоо адлагдаж арга буюу харийн орныг зорьсон цөөнхийн нэг нь гей мисс Энхриймаа буюу Т.Юна. Зарим хүмүүс түүнд дургүй гэдэг ч амьдралын хэмнэлийг нь сонирхдоггүй гэвэл худлаа болох биз.

Хоёр сүнстэн гэж нэр анхаарал татаад байна. Эндээс яриагаа эхэлвэл ямар вэ?

Анх номондоо ямар нэр өгөх вэ гэж бодоход ерөөсөө нэр орж ирэхгүй байсан юм. Харин шүлгүүдийнхээ ноорогийг уншаад сууж байтал “Би хоёр сүнстэй. 21 жилийн өмнөх нь минийх. Гурван сарын өмнөөс надад оршсоныг нь танихгүй” гэсэн утгатай мөр байсан. Тэрнээс үүдээд би нээрээ хоёр сүнстэй хүн байж болох юм байна гэсэн бодол төрсөн. Яахав бодит амьдрал дээр бол тийм юм байх боломжгүй л дээ. Гэсэн ч хийсвэр сэтгэлгээгээр би хоёр сүнстэй хүн юм байна.

Трансжендер залуугийн амьдралын үнэн түүх дээр дөрөөлж Монголын Гей ертөнцтэй танилцах нь гэж ойлгоод байгаа?

Шүлгүүдээс маань миний сэтгэхүй, дотоод ертөнцөөр дамжуулан надтай адилхан бэлгийн чиг хандлагатай бусад залуучуудын дотоод ертөнц, нийгмийн зүгээс тэдний сэтгэл зүйд ирж байгаа дайралт, тэдний сэтгэлийн эмзэглэл, шарх харагдана. Гэхдээ зөвхөн ижил хүйстэн гэдгийг маань ойлгоосой гэсэн утгатай шүлгүүд дагнаагүй. Ерөнхийдөө бид бусдын адил хүн. Тэр утгаараа бид энэ нийгмийн тухай бодож шаналж явдаг. Энэ нийгэмд муу муухай юу байна. Тэр бүгд бидний нүдэнд адилхан харагддаг. Бид бас бусдын адил эмзэглэдэг, хайрладаг, өрөвддөг. Бусадтай л адилхан зан чанартай, бие махбодьтой. Бусадтай л адилхан энэ хорвоо дээрх мянга түмэн ээжүүдийн нэгээс л төрсөн, хүүхдүүд. Энэ мэт олон утга агуулгатай шүлгүүд бий.

Чиний танихгүй, тэгсэн хэрнээ чамд гурван сарын өмнөөс оршсон сүнсний тухай яриач?

Яахав дээ. Би жаахан хүүхэд байхдаа ээжийнхээ туфлийг өмсөөд л будгаар нь нүүрээ будчихдаг хүүхэд байсан. Жаахан байхдаа охин шиг гэж доромжлуулаад л, жаахан том болонгуутаа “хүүхэн шиг” гэж хочлуулаад, сүүлдээ манин гээд л олон нэр хоч зүүсэн л дээ. Тэгж явсаар 10-н жилээ төгсөж оюутан болсон чинь нөгөө доромжлох хандлага арай өөр болсон. Боловсролынхоо төвшингөөр хүн сэтгэдэг гэдэг нь үнэн. Оюутнууд бол хичнээн эмэгтэйлэгийг мэдэж байгаа ч гэсэн ил гаргахгүй. “Манай хүн жаахан эмэгтэйлэг дээ” гээд дотроо бодоод өнгөрөх жишээтэй. Гэтэл би их сургуулиа төгсчихөөд ажил төрөлтэй, бие хүн болчихсон мөртлөө миний дотроос “Би хэзээ нэгэн цагт эмэгтэй хүн шиг хувцаслаад, нүүрээ будаад “энэ эмэгтэй” гэж бодогдуулахаар ганц удаа ч гэсэн олны дунд явж үзэх юмсан гэсэн бодол салж өгөхгүй л байсан юм. Тухайн үед олон нийтийн ажил хийдэг байсан болохоор бодолтойгоо тэмцэлдсэн. Гэхдээ хичнээн тэмцэлдсэн ч хүн төрөлхийн бэлгийн чиг хандлага, тэр хүслээсээ татгалзаж, тэрийгээ ялан дийлж чаддаггүй юм байна лээ. Олны дунд орж ирээд миссийн тэмцээн болдогийг мэдсэн. Тэгээд миний хүсэл биелэх боломж байгааг ойлгож миссийн тэмцээнд нь оролцсон. Тэгээд л өөрийнхөө хүслээрээ даашинзаа, туфлиэ өмсөөд ёстой нэг хүссэнээ хийх боломж олдсон доо. Гэтэл юу вэ, бүр хүслээ давж биелүүлээд гей мисс болсон. Олон хүний өмнө тайзан дээр гарахад сайхан байсан.

Мэдээж тэгж мөрөөдлөө биелүүлнэ гэдэг итгэхэд бэрх байсан уу?

Би дотроо их айж байсан. Миний урд байгаа амьдрал, өнгөрсөн амьдрал хоёр хоорондоо зөрчилдөөд байсан юм. “Алийг нь чи сонгох вэ. Урагшаа нэг алхвал маш их эрсдэлийг өөртөө дагуулна. Харин буцаад байрандаа очих юм бол үхэн үхтлээ бусдыи л адил зовлонгүйгээр амьдрах болно гэдэг сонголт байсан. Тийм сонголтон дээр тулгарчихсан байсан мөртлөө би урагшаа л алхчихсан байхгүй юу даа.Би олон эмэгтэй найзтай. Бүгдээрээ намайг дэмждэг ойлгодог. Тийм ч болохоор миссийн тэмцээн дээр, тайзны ард нэг нь миний нүүрийг будаж, нөгөө нь миний өмсөх хувцасыг бариад зогсож байх жишээтэй. Найз нар маань намайг сэтгэлзүйн хувьд их дэмжиж “Миний найз нийгэмд, ажилдаа чадвартай байвал чамтай хэн ч юу ч ярихгүй ээ. Хамгийн гол нь чамд чадвар байгаа, Тийм болохоор миний найз ганцхан олдох амьдралд хүссэнээрээ л, зоригтой амьдрах хэрэггэй” гэж зоригжуулсан. Тэгээд л зоригжоод “За ерөөсөө нэгэнт ийм алхам хийчихсэн юм чинь үр дүнтэй байх хэрэгтэй. Түүний тулд яах вэ гэж их бодсон. Тэгээд энэ ганцаардсан гадуурхагдсан хүмүүсийн төлөө ганц нэг үг ч гэсэн дуугарая. Тэгснээрээ би бас хүний төлөө сайн сайхан зүйл хийж байна гэж бодсон. Ганцхан олдох амьдралд зөвхөн өөрийгөө бодоод байлгүй, өрөөлийн төлөө жаахан ч гэсэн буян үйлдэж чадвал эргээд хариу нь надад л ирнэ шүү дээ.
Гей миссийн тайзан дээр чамайг гүйцэх “эмэгтэй” үнэхээр байгаагүйг үзсэн хүмүүсээс нь дуулж байсан шүү?

Би одоо өөрийгөө толинд харахад өөртөө тийм ч сэтгэл хангалуун байдаггүй. Харин эмэгтэй хувцасаа өмсөөд, нүүрээ будаад толинд харахаар Энхриймаагийн дүр надад таалагддаг. Би эрэгтэй дүрээрээ энгийн нийгэмд амьдардаг учраас намайг хүмүүс Энхриймаа гэж танихгүй шүү дээ. Зарим нь надад “Хүүе ээ, чи Энхриймаа гэж сонсож байсан уу. Тэр яг эмэгтэй хүн шиг. Аймаар хөөрхөн, гоё туранхай” гэж хүртэл ярина. Ер нь надад хамгийн их урам өгч баярлуулсан зүйл бол хүмүүс миний тухай муу юм ерөөсөө ярихгүй байсан л даа. “Хөөрхөн юм байна лээ. Ухаантай юм байна лээ л” гэж ярьж байсан. Уг нь би тийм гоц гойд ухаантай юм яриагүй. Зүгээр байдгаараа байх дуртай, хэзээд өөрийнхөөрөө байдаг учраас тайзан дээр ч өөрийнхөөрөө байсан. Тэр маань хүмүүст таалагдаж, зөвөөр ойлгож Гамбууш шиг ч юм уу “тийм хэмжээний хүн” гэж хүлээж аваагүйд л их баярласан.

Мэдээж эмэгтэй хүнд л тохирох гоё чамин нэр олон байгаа л даа. Харин чиний хувьд яагаад заавал Энхриймаа гэж

Энхриймаа гэж загвар өмсдөг хөөрхөн эгч байдаг юм. 3 жилийн өмнө “Miss Mongolia” тэмцээнд оролцож байхад нь харахад их таалагдсан. Ер нь эмэгтэй хүн өөртөө арчаатай хэн ч харсан ялдамхан байх ёстой. Эмэгтэй хүн гэдэг бүхэл бүтэн урлаг. Тэр ч утгаараа Энхриймаа гэж нэрийг сонгосон. Энэ нэрний утганд дүйсэн ялдамхан, хөөрхөн тийм төрхийг бүрдүүлэхийг хичээсэн. Гэхдээ би хувираад, хувираад хичнээн хөөрхөн харагдаад эмэгтэйчүүдийг хэзээ ч гүйцэхгүй шүү дээ.Эмэгтэй хүн гэдэг агуу том гоо сайхны ертөнц. Би өөрийгөө хэзээ ч жинхэнэ эмэгтэй хүнээс илүү гоолиг сайхан биетэй гэж хэлж чадахгүй. Мариалаг тарган эмэгтэй хүнд ч гэсэн өөрийн гэсэн гоо сайхан, бусдыг татах увидас, часхийсэн гоо сайхан нуугдаж л байдаг. Би яахав, жинхэнэ эмэгтэй хүний зиндаанд хүрэх гэж хичээж л байгаа хүн. Хүрнэ гэдэгтээ ч би итгэдэггүй шүү дээ. Яагаад гэвэл би эрэгтэй хүн болоод л төрчихсөн. Нэрийг нь бариад эмэгтэй дүрд хувираад явж байгаад уучлаарай гэж бүсгүйчүүдээсээ уучлал гуйя (инээв).Тэгвэл эрчүүдийнхээ тухай юу гэж бодож явдаг вэ. Тэд бол чиний хувьд “эсрэг хүйстэн” шүү дээ?

Монгол эрчүүд орчин үед жинхэнэ байх ёстой хэм хэмжээнээсээ дордчихсон ч юм уу. Уг нь Монгол эрчүүд эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй, хийсэн бүтээсэн ажилтай, үндэсний үзэлтэй, холч хараатай байх ёстой юм шиг надад санагддаг. Эрчүүд нь тийм байж цөөхөн хүн амтай манай улс хөгжинө шүү дээ. Одоо манайд жендерийн асуудал хурцаар тавигддаг болсон байна. 10 эмэгтэйд 1 эрэгтэй ноогдож байна гэж ярьдаг. Тэр утгаараа цөөхөн Монгол эрчүүд маань архи, тамхиндаа живээд байлгүй дор бүрнээ амьдралын ухаантай л амьдрах хэрэгтэй. Орой баар ороход тамхины утаан хөшиг татчихсан, эрчүүд архи тамхиндаа мансуураад хоорондоо зодолдоод л байж байдаг. Юунаас болж зодолдож байна вэ гэхээр охид, хүүхнүүдээс болж зодолддог. Гэтэл тэр эрчүүд ихэнхдээ ардаа эхнэр хүүхэдтэй хүмүүс байна. Энэ бол Монгол эрчүүдийн хувьд эмгэнэл шүү дээ.

Жендерийн асуудал гэж ярихаар гол буруутныг ижил хүйстнүүдийг гэдэг?

Үнэн л дээ. Монгол улсад ижил хүйстнүүд баттай бус тоогоор 15 мянга байна гэдэг бол аюулын харанга. Энэ нь Үндэсний аюулгүй байдал, удмын сантай холбоотой гэдэгтэй би ерөөсөө маргадаггүй. Яагаад гэвэл ижил хүйстэн залуучууд эхнэр авахгүй, үр удмаа үлдээхгүй. Гэтэл монгол улсын маань хүн ам яаж өсөж үржих вэ. Тийм биз дээ. Гэхдээ биднийг тийм байна, ийм байна гэж эсэргүүцээд, элдэв янзаар доромжилсон ч гэсэн энэ бол төрөлхийн зүйл учраас байсаар ч ирсэн, байсаар ч байх болно. Хатуухан хэлэхэд, бид өөрт оногдсон хувь тавилангаа, өөрсдийнхөөрөө л туулж өнгөрөөгөөд ясаа тавьцгаана. Хүмүүс элдэв янзаар хичнээн муулаад бид яалтай ч билээ. Жишээ нь би хүмүүсийн хэл амнаас эмээгээд эхнэр авч, нэг хүүхэд гаргачихъя гэвэл болно л доо. Хөөрхий тэр эмэгтэй тав, арван жилийн дараа хүүхдээ тэврээд хоцрох болвол яах вэ. Би төрөлхийн мэдрэмжээ дагаад алга болох эсэхээ тодорхой хэлж мэдэхгүй. Би хэн нэгэн эмэгтэйг, хүүхдийг нь тэврүүлээд өнчрүүлэхийг хүсэхгүй байна.

Уучлаарай, хоёулаа ярианы эхнээс л төрмөл зүйлийн тухай ярилаа. Гэхдээ бага нас, өссөн орчин, хүмүүсийн нөлөөлөл бас бий гэж ярьдаг. Өөрийг чинь төрсөн эцгээ мэдэхгүй өссөн гэж би сонсож байсан юм байна?

Тийм л дээ. Хайр бол олон янз. Би эр хүний, эцэг хүний хайр халамжаар дутаж өссөн. Угаасаа эр хүнээс хол хөндий өссөн залуучууд ижил хүйстнүүд дунд маш олон. Би ч гэсэн өөрөө төрсөн эцгийнхээ нэрийг нь ч мэдэхгүй. Аавыгаа чадлынхаа хэрээр сураглаад л явж байтал тэр хүн бурхан болчихсон байсан. Би хойд эцэгтэй ч аав гэж дуудаж үзээгүй. Түүний тухай дурсахаас ч дургүй хүрдэг. Миний хойд эцэг бол муухай Монгол эрийн жишээ. Би өөрт нь ч хэлдэг. Зарим эрчүүд дагавар хүүхэдтэй эмэгтэйг хүүхдийг чинь хайрлана гээд аваад суудаг. Тэгээд дараа нь хүүхдэд нь ямар ааш араншин гаргадаг билээ. Эрчүүд маань ухаантай байгаасай. Бид хүн гэдэг утгаараа л энэ ертөнцөд амьдардаг. Хүүхэд хэний ч хүүхэд байж болно. Гагцхүү хүн гэдэг үүднээс нь хайрлаж амьдраасай гэж хүсдэг. Монголчууд эрэгтэй хүүхэд юм чинь гээд хүүхдээ зөнгөөр нь хаячихдаг. Тэгж болохгүй. Ялангуяа эрэгтэй хүүхэд буруу замаар орохдоо хурдан. Тэр тусмаа Монголын нөхцөлд.

Хамгийн муу Монгол эрийн жишээг чи харж, “үзэн ядаж” өссөн юм байна. Тэгэхээр нэг талаас чи эр хүн байхыг хүсдэггүй, тэгсэн мөртлөө эр хүнээр хайрлуулахыг хүсээд байдаг?

Яахав дээ. Хойд эцгээсээ хүүхдүүд олон муу үлгэр авдаг юм байна л даа. Эхнэрээ ингэж дарамталдаг юм байна. Хүүхдээ зодож дарамталдаг гээд. Харин би “Би ийм эр хүн болохгүй шүү гэж бодож өссөн. Нөгөө талаар эр хүйсийг үзэн ядаж өөрийгөө эрэгтэй байгаад зэвүүцдэг байсан. Угаасаа эмэгтэй байхыг хүсдэг байсан хүүхдэд хойд эцэг нь тиймэрхүү ааш гаргаад ирэнгүүт эрэгтэй хүнийг, өөрийгөө илүү жигших нь улам нэмэгдсэн л дээ.

Мэдээж ээж тань хань түшиг болно гэж итгэж найдаж суусан нөхрөө хүүд нь хатуурхахыг харахад хэцүү байдаг байсан байх. Өөрийн чинь тэр “далд” хүслийг эх хүний зөнгөөрөө мэдэрдэг л байсан байлгүй. Гэсэн ч одоо хүүгээ хүнтэй суугаасай үр удмаа үлдээгээсэй гэж их хүсдэг байх даа?

Ээж минь намайг Энхриймаагийн дүрийг бүтээдгийг мэднэ. Хөөрхий, дотроо их л шаналж явдаг байх. Тэр нь надад мэдрэгдээд байдаг юм. Ээжийнхээ сэтгэлийг уйлуулж яваагаа бодоод би маш ихээр шаналж, ганцаараа зөндөө их уйлдаг. Миний ээж ухаантай, сайхан хүн бий. Намайг гадуурхсан хандлага гаргаж байсан удаа ер байхгүй ч яагаад ч юм ээжийнхээ дэргэд байхаар зүрх уйлдаг. Өөрийгөө зүхдэг. Гэлээ ч өнгөрүүлсэн амьдралдаа би харамсдаггүй ээ. Зовлонгоо өөрөө л үүрсээр амьдралын төгсгөлтэй золгоно доо. Ээжийнхээ, бас эмээгийнхээ ачийг л бага ч атугай хариулвал хүсэл биелэнэ.

Эр хүнд татагдаад байгаагаа анх хэдийд мэдэрсэн бэ?

Би өөрийгөө хорьж охидуудтай найзлаж, бэлгийн харьцаанд орж, аль болохоор өөрөөсөө зайлуулах гэж хайж үзсэн л дээ. Дээрээс нь одоогийнх шиг ийм олны танил байгаагүй учраас өөрийгөө тусгаарлах боломж надад байсан. Гэтэл анх интернэтээс Монголд ийм хүмүүс олон байдаг, тэр хүмүүс уулзаж үдэшлэг зохиодог, бас эрх ашгийг нь хамгаалах гурвын гурван төв байдгийг мэдсэн. Тэгээд нэг залуутай зориглоод уулзсан. Тэр өдрөөс л мэдрэмжээ, өөрийгөө хорих ёсгүй юм байна гэдэг бодол их хүчтэй төрсөн.

Тэгвэл өөрөө хоёр жилийн өмнө тэр залуугийн хувьд “бүсгүй” болж очсон байх нь ээ. Гей залуусын бэлгийн харьцаа ямар байдаг бол гэх сонирхол хэн хүнд л байгаа?

Мэдээж бид шулуун гэдсээр л бэлгийн хавьталд орно. Гэтэл эмэгтэйчүүдгүй орчин буюу шорон, цэргийн ангид албан хүчээр эмэгтэйлэг нэгэнтэйгээ шулуун гэдсээр бэлгийн хавьталд орж, сексийн таашаал авдаг тохиолдол байдгаас болж “бандидуулах” буюу өшөө муухайгаар хэлэгдсэн нэр томьёо байдаг. Тэр утгаараа л биднийг муухай бузар юмнууд “бандидуулдаг” гээд ярьдаг. “Бандидуулдаг” гэдэг чинь муухай үг шүү дээ. Тухайн эрэгтэй хүн хүсээгүй байхад өшөө нэг эрэгтэй хүн шулуун гэдсээр нь хүчээр бэлгийн хавьталд орох явдал. Тэнд ямар ч сексийн таашаал, мэдрэмж байхгүй. Харгис ойлголт. Гэтэл бидний сексийн харьцаа өөр. Шулуун гэдсээр бэлгийн харьцаанд орлоо ч түүнээсээ таашаал авч байна. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн сексийн харилцаанд яаж ордог вэ, яг тэрэнтэй л адил таашаалыг авдаг.

Та нарыг чиглэсэн доромжлол, дайралт тодорхой хэмжээнд байгаа. Тэр дундаа эрчүүд их дургүй байдаг нь нууц биш шүү дээ?

Эмэгтэй хүн дандаа л юмыг олон талаас нь харж, тэр дундаасаа болж бүтэхийг нь хүлээж авдаг хүмүүс. Эрэгтэйчүүдийн хувьд яахав дээ. Өнгөн дээрээ биднийг үзэн ядаад ялангуяа найз охинтойгоо явж байхдаа “муухай сэжгийн юмнуудыг битгий хар, гомо нар явж байна” гэдэг мөртлөө, яг эмэгтэй хувцаслаад хааяа бааранд ороход биднийг өдөж, танилцая, унтаж хэвтэе гэж гуйдаг. Аятайхан царай зүс, бие хаатай, мөнгөтэй, гоё гоё залуучууд биднийг “хэдүүлээ зугаацъя, салхинд гаръя, буудалд оръё, сексдэе” гэдэг. Одоо Анужин гэдэг “бүсгүй” биеэ үнэлж байна. Түүнийг зүгээр нэг экселтэй залуучууд авдаггүй юм. Дандаа л сайхан царай зүстэй, мөнгөтэй, компаний захирлууд авч байна. Манай нийгэм хаалттай учраас тэр хүмүүс биднийг олны дунд харахаараа “Эд нар үхвэл таарна, алвал таарна” гэж дуугарахаас өөр аргагүй байдалд ордог. Тэр эрчүүд биднийг ойлгохыг хүссэн ч нийгмийн нөлөөгөөр өөрийнхөө үзэл бодлыг дараад байдаг. Монгол жижигхэн шүү дээ. Тийм учраас хувийн амьдрал, нэр хүндэд нь хохирол учрахаас айгаад хүмүүс их нуугдмал байдаг байх. Тэрнээс Монгол эрчүүдийн маш олон хувь нь хоёр хүйстнээ сонирхох буюу бисекс бэлгийн чиг хандлагатай байдаг гэж сонссон. Ер нь бол Монголд биднийг хүлээн зөвшөөрөх цаг нь болоогүй. Америк яагаад ижил хүйстнийг хүлээн зөвшөөрөөд ил тод байх хууль гаргасан юм. Хүн ам нь хальж бялхаад л, тоогоо алдаж байгаа болохоор л ийм хууль гаргаж байна ш дээ үнэндээ. Тэдний хувьд хүн амын өсөлт удаашрах нь хөндүүр асуудал биш. Тиймээс ижил хүйстнүүдийг гадуурхдаггүй. Тэгэхээр 20 жилийн дараа Монголын хүн ам 10 саяд хүрсэн тохиолдолд ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрөх асуудал яригдах байх л даа. Одоо бол миний бодлоор болоогүй. Тэгээд ч өнөөдөр биднийг гадуур эмэгтэй хувцасаа өмсөөд явж байхад тоосгодож унагаад байгаа юм алга байна. Монгол хичнээн харанхуй нийгэм байлаа, хичнээн цөөхүүлээ байлаа ч зарим орнуудтай харьцуулахад харьцангуй эрх чөлөөтэй, ардчилсан байна. Үүнд нь үнэхээр баярладаг.

Гэхдээ мэдээж хүмүүсийн сэтгэхүйд бүр оршчихсон та нарын тухай “гаж” ойлголтыг өөрчлөгдөөсэй гэж хүсдэг биз дээ?

Тийм шүү, хамгийн гол өөрчлөгдөөсэй гэж бодож явдаг нэг зүйл бол “Биднийг гаж донтон гэж битгий ойлгооч ээ. Хүнээс гаж юм бидэнд байхгүй. Бид гаж хүмүүс биш” гэдгээ л ойлгуулахыг хүсдэг болохоос биш, биднийг хүлээн зөвшөөрч өмнө минь суугаад “Чи ижил хүйстэн, чамайг ойлгож байна, чи буруугүй” гэж хэн ч хэлэх албагүй шүү дээ. Бусдаар бол биднийг эрх чөлөөтэй “nice” байлгаж чадаж байна аа. Ижил хүйстэн хэмээх бэлгийн чиг хандлагыг гаж өвчний жагсаалтаас аль 1973 онд эрдэмтдийн шинжилгээ, нотолгоогоор хасчихсан юм шүү дээ.

Эмэгтэй хувцаслаад хаа дуртай газраа явж чадаж байна уу. Хүмүүсийн харцыг тэсэхэд хэцүү юу?

Чадаж байна. Намайг эмэгтэй хувцаслаад явахад бааранд оруулж байна. Тэнд би ханатлаа бүжиглэнэ. Хүсвэл ууна. Автобусанд суулгаж байна. Хотын төвөөр явж, дэлгүүрт ороод хүссэнээрээ бусдын адил үйлчлүүлж баина. Мэдээж хүмүүс аймаар харна л даа. Угаасаа биднийг явж байхад эргэж харахгүй хүн гэж ч байхгүй. Эхэндээ эвгүй байдаг ч дасчихдаг юм билээ. Аймхай хүний сэтгэлд аз жаргалын зай байдаггүй гэдэг. Угаасаа бид л зориглож монголчууддаа бодит нөхцөл байдлыг харуулахгүй хэн нэгнийг хүлээвэл “бухын доодохыг харж үнэг турж үхдэг”-ийн үлгэр болно биз дээ

.Ер нь аливаад их шүүмжлэлтэй, их олон талаас нь хардаг юм байна, өөрөө?

Би зарим зүйлд шүүмжлэлтэй ханддаг нь үнэн. Бидний эрх ашгийг хамгаалах гурвын гурван байгууллага байна. Тэр гурван байгууллага эцсийн эцэст өнөөдөр юу хийж байгаа юм бэ. Тэр хүмүүс олон нийтийн сэтгэхүйг эргүүлэхийн төлөө үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл тэр гурвын гурван байгууллага олон улсын том том байгууллагуудаас санхүүжилт хангалттай авч байгаа мөртлөө хийж байгаа юм юу байна аа. Ийм түвшинд ажил үүргээ явуулдагт нь би үнэхээр харамсдаг. “Хамтдаа төв” л ижил хүйстэн залуусын эрүүл энхийн манаанд зогсдогийг эс тооцвол бусдынх нь ажлын үр дүн ил тод харагддаггүй.

Чамайг ингэж ярихаар цаадуул чинь дургүйцэхгүй юу?

Үнэн үг ямагт гашуун байдаг. Угаасаа хэлье гэснээ хэлж амьдраад л дуусах хорвоо. Төсөл иднэ гэсэн зарчмаар энэ байгууллагууд ажилладаг юм уу гэсэн хардлага олон ижил хүйстэн залууст байдаг юм билээ, би л ил яриад байгаа болохоос далд ярьж байгаа нь олон.

ДОХ-ын шинжилгээнд орууллаа л гэж дуулддаг. Тэгээд “Гей” л бол “ДОХ”-той гэдэг яриа нийгэмд тархаад байна?

Бид байнга шинжилгээнд ордог. Тийм ч учраас ДОХ-ын 80 хэдэн хувь нь ижил хүйстэн байна гэдэг тэр тоо чинь гараад байгаа юм. Тэрнээс Монголын бүх хүн ам ДОХ-ын шинжилгээнд орвол аймшигтай тоо гарна. Хүмүүс ДОХ-ын шинжилгээг сайн дураараа өгдөг юм уу. Би сүүлийн үед манай гей залуучууд гоё, сайхан гэж туйлширахаасаа илүү энэ ертөнц дотор юу болоод байгааг үнэнээр нь л яръя гэж бодох болсон. Яалт ч үгүй энэ хаалттай ертөнц. Нууц юм гэдэг чинь дандаа л сөрөг үр дагавар дагуулдаг, дотор нь идээ бээр бугладаг. Олон хүүхдүүд энэ амьдралд орж ирээд, өөртэйгөө адилхан хүнийг харангуутаа догдлоод, баярлаад тэр хүмүүстэйгээ илүү ойр байхыг хүсдэг. Ойр байхын тулд ажлаа тасалж, ажлаасаа гардаг. Хадгалсан хэдэн төгрөгтэй бол тэр хүмүүстэйгээ ойр байхын тулд ууж идээд дуусдаг. Юмаа ломбарддаг. За тэгээд сүүлдээ хэн ч биш болж, гудамж метрлэсэн нэг хүн болж хоцорч байна. Тэгэхээр дээр ярьсан нөгөө гурван байгууллага маань ч гэсэн энэ тал руу үйл ажиллагаагаа илүү чиглүүлээсэй. Энэ амьдралд дөнгөж орж ирж буй хүүхдүүдэд амьдралын мөн чанарыг ойлгоход нь тусладаг байгаасай.

УИХ-ын гишүүд дотор нэг байтугай, нэлээн хэдэн гей гишүүд байгаа гэж өөрөө ярьсан байсан?

Ер нь бүх л салбарт байгаа. Бэлгийн чиг хандлага төрөлхийн гэдэг утгаараа нийгмийн анги давхаргыг ялгахгүй. Траншейны жаал байна уу, төрийн сайд байна уу хамаагүй. Хэн ч ижил хүйстэн байж болно. Яг одоо хажууд сууж байгаа энэ найз маань уяач. Хэн ч харсан манай найзыг ижил хүйстэн гэж хэлэхээргүй байгаа биз дээ. Энэ наадмаар өчнөөн морь нь айрагдаад баярлаж хөөрсөн амьтан сууж байна. Харин энэ найз маань бүжгийн багш болох гээд урлагийн сургуульд сурч байна. Дуучид, зураачид, сэтгүүлчид, эдийн засагчид, хуульчид гээд салбар бүрт ижил хүйстнүүд байна. Харин над шиг дуу хоолойгоо илэрхийлээд гарч ирнэ гэдэг эрсдэлтэй асуудал. Бүхэл бүтэн амьдралаа золиослож байгаа учраас хэцүү л дээ. Тэгээд ч албан тушаал нэр сүр ахих тусам бэлгийн чиг хандлагаа улам илүү нууцлахыг боддог нь аргагүй шүү дээ.

Уулзах, учрах санал бол тэднээс ч ирнэ биз?

Миний хувьд сексийн тал дээр үнэхээр хөлдүү. Гамбууш шиг өчнөөн олон залуутай зэрэг сексдээд, эсвэл Анужин шиг аман сексээр Монголд номер нэг гэж тунхаглах зүйл надад байхгүй. Секс бол зөвхөн хэрэгцээ. Гэхдээ сексийн хэрэгцээ надад бусдынхаас хамаагүй бага байдаг. Сексийн амьдрал маань маш хүйтэн, цэвдэг. Би тэр утгаараа хүмүүсийн сексийн саналыг хүлээж авахыг хүсдэггүй. Би үнэ цэнэтэй байхыг хүсдэг. Харин тэрийгээ илэрхийлсний маань төлөө, надад санал тавьсан УИХ-ын гишүүн, сайдын алба хашиж байсан тэр эрхэм намайг зодуулж хариугаа авч байна гэдэг бол бас өөдгүй асуудал л даа. Тэрээр ахимаг насны эрхэм. Тэр хүн яахав сонсог. Би нэгэнт энэ дүрээр үзэл бодлоо илэрхийлэх замыг сонгосон учраас энэ мэт доромжлолыг юман чинээ бодохгүй. Би манин биш ч, манингаараа дуудуулсан. Эр хүн учраас хоёр гурав шанаадуулахын пянг даагаад гарч чадна. Би хичнээн трансжендер ч, эр хүний хувьд олон долоон гомдол ярьж яваагүй, угаас ч нялцгар, нялуун харилцааг үзэн яддаг.

Хайртайгаа учирсан гэсэн. Ямар залуу вэ?

Би Галсансүх ахын шүлгүүдийг унших дуртай. “Сэтгэл гэдэг эрхтэн” гэж тэр гурван үгийг хайр дурлалтай учраагүй байсан болохоор ойлгодоггүй явж. Би 11 сард нэг залуутай танилцсан юм. Анх надад нэг их таалагдаагүй. Зүгээр нэг залуу байсан. Тэгээд яахав дээ ойлголцоод хамт амьдрахаар шийдээд амьдарсан. Хэсэг хугацаанд хамт амьдарсны дараа бид хоёрын харьцаа удахгүй гэдгийг би ойлгоод, эртхэн шиг цэглэсэн нь дээр юм байна гэж бодоод салах саналыг анх гаргасан. Салсныхаа дараагаар дасаад дурлачихсан юм байна гэдгээ ойлгосон л доо. Одоо бодоход их гоё дурсамж үлдсэн байдаг юм. Тэр залуу маань жаахан хөнгөмсөг байх гээд, гэтэл би тийм байр байдлыг хүсдэггүй. Хүмүүс намайг гадаадуудад биеэ үнэлэгч гэж ярьдаг юм билээ. Надад биеэ үнэлсэн удаа нэг ч байхгүй. Энхриймааг мөнгөөр худалдаж авч сексийн хэрэгцээгээ хангасан гэх эрэгтэй гарч ирвэл Гиннесийн номд бичигдэнэ.

Гадаад оронд цагаачлахаар эх орноосоо явсан гей мисс М.Энхриймаагийн талаарх элдэв яриа үргэлжилсээр л байна. Саяхан түүний блогоор зочилж байгаад нэгэн сонирхолтой зураг харлаа. “Ингээд Жавхлангийн эхнэр болчвоо” гэсэн гарчиг дор дуучин С.Жавхлан Энхриймаа хоёрын хуримын зураг байх юм. Энхриймаагийн гаргасан “Хоёр сүнстэн” хэмээх шүлгийн номыг нь дуучин Жавхлан санхүүжүүлсэн гэх яриа ч гадуур байдаг. Харин Энхриймаа энэ бүх цуу яриаг үгүйсгэн, өөрийнхөө хөдөлмөрөөр номоо гаргасан гэж хэдэнтээ хэлж байсан. Харин хүмүүс энэ үгийг нь хүлээж аваагүй бололтой.

Блог бичигчид Энхриймаа, Жавхлан хоёрыг photoshop ашиглан хуримаа хийж буйгаар эвлүүлэн интернэтэд байрлуулжээ. Энэ талаар гей мисс М.Энхриймаа блогтоо “Жавхлан бид хоёрыг гэрлүүлчихэж. Эвлүүлэг энэ тэрээ жаахан эв хавгүй хийсэн ч сүрхий сэтгэсэн байна. Харж, уншиж, ойрд инээгээгүйгээрээ л инээлээ. Гэхдээ би лав ийм царай муутай нөхөртэй болохгүй ээ, арай ч дээ хэхэ. Бас биднийг холбохоо болио” гэж бичжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button