Нийгэм

Гэрийн муур хүүхдийн аминд хүрсэн тохиолдол цөөнгүй гарч байжээ. Муур хүний биеийн мөр, дал зэрэг зөөлөн газрын маханд…

Гэрийн муур насанд хүрсэн хүнд халдаж, аминд нь хүрч байсан түүх одоогийн байдлаар албан ёсоор бүртгэгдээгүй гэнэ. Гэхдээ тэд маш хүчтэй хазаж, шархдуулж чадна. 2010 онд АНУ-ын Айдаход зулзгаа дөнгөж төрүүлсэн муур эзэн эмэгтэйгээ 35 удаа хазсан байдаг. Цусаа угааж байхад нь ч дахин дайрсаар байсан гэж эзэн нь хожим ярьсан байдаг.

Харин муур хүүхдийн амь насанд хүрсэн тохиолдол олон гарч байжээ. 1980-аад онд Норвегид гэрийн тэжээмэл муур нэг сартай хүүхдийнх нь нүүрэн дээр сууж байгааг хараад ээж нь яаран очсон ч хүүхэд амьсгалгүй болсон байжээ. Түргэн тусламж дуудсан ч хүүхдийн амийг нь аварч чадаагүй юм. 1931 онд АНУ-д муур 4 сартай хүүхдийн цээжин дээр унтсанаас болж хүүхэд бүтэж үхсэн жишээ бий. Ер нь муур хүүхдийн дээр хэвтэж, аминд нь хүрсэн явдал 19 дүгээр зууны үеэс эхлэн бүртгэгдсэн байдаг аж. Эндээс муур унтаж байгаа хүүхдийн амьсгалыг сордог гэсэн домог яриа тархсан гэж үздэг.

Муур хоншоороо унтаж буй хүүхдийн хамартай нийлүүлж, эрүүгээрээ амыг нь тагладаг гэж ярьдаг. Яагаад тэр вэ? Дээр гарсан цуурхал ёсоор бол хүүхдийн амнаас гардаг сүүний үнэр муурыг ухаан жолоогүй болтол нь татдаг байна. Харин зарим нь муур эзнээ харамлаж, хүүхдийг нь “хөнөөдөг” гэж үздэг ажээ. Эмч нар энэ яриаг үгүйсгэдэг ч нялх хүүхдийн дэргэд муур байлгаж болохгүй гэж зөвлөдөг.
2021 он гарсаар гэрийн муур хүүхдийн дээр гарч, амьсгалыг нь боогдуулж, аминд нь хүрсэн тохиолдол хэдэн зуун удаа гарч, эмч нар 2 нас хүрээгүй хүүхдийг муурнаас хол байлгахыг тухай бүр зөвлөж байжээ.

Гэхдээ муур хүний мах иддэгийг Америкийн эрдэмтэд баталсан байдаг. Гэртээ гэнэт нас барсан эзнийхээ цогцсыг идсэн өлсгөлөн муурны тухай түүх бий. Харин америк судлаачид хоол унд хангалттай байх үед муур хүний махыг хэрхэн иддэг болохыг ажиглаж, “Journal of Forensic Sciences” сэтгүүлд нийтлүүлж байжээ.

Колорадод хүний цогцсонд судалгаа хийдэг тусгай лаборатори бий. Энд ар гэрийнхэн нь шинжлэх ухааны шинжилгээнд хандивласан цогцос ирдэг. Цогцсыг задгай талбайд, тусгай шингэнд гэх зэргээр янз бүрээр байрлуулж, хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар судалгаа явуулдаг байна. Энэ судалгаа дараа нь шүүх эмнэлэгт хэрэг болдог юм. Гурван метр торон хашаатай эл лабораторид зэрлэг амьтан орох боломжгүй. Нэг удаа эрдэмтэд хоёр муур хашаанд орж ирж, цогцос идэж байгааг анзаарсан байна. Муур байгалиасаа анчин амьтан ч энэ удаад муур байн байн буюу өдөр бүр ирж, хүний мах идэж байжээ.

Эрдэмтэд ажиглалт удаан хугацаанд хийсний дүнд муурнууд тэнд байсан 40 цогцсоос тус бүр ганцыг л сонгон идэж байсныг тогтоожээ. Сар гаруйн дараа тэд сонгосон цогцсоо ясыг нь гартал мөлжиж дуусгасан байсан гэнэ. Эрдэмтэн Сара Гарсия “Муур их цамаан амьтан тул зөвхөн таалагдсан зүйлээ л иддэг” гэж тэмдэглэжээ.

Туршилтын багийнхны ажигласнаар нэг муур 70 настай эрэгтэй, нөгөө муур нь 79 настай эмэгтэйн цогцсыг сонгосон байжээ. Муур хүний биеийн мөр, дал зэрэг зөөлөн газрын маханд дуртай нь ажиглагдсан байна. Шинээр цогцос авчирсан ч тэд хуучин “хоолоо” л идэж байжээ.

Шүүх эмнэлэгт муур нас барсан эзнийхээ хүүрийг идсэн талаар олон баримт дурдаж болно. Малын эмч Мелисса Коннор “Намайг амьтан саатуулах байранд ажилладаг байхад нас барсан эзнийхээ хамрыг идсэн муурыг авчирч байлаа” гэж ярьсан нь бий.

Мэдээж, бүх зүйл хоёр талтай. Муур тэжээж, түүнийг хайрлаж халамжлан, гэртээ мууртай байх нь сайн болон сөрөг хоёр талтай тухай маргаан бидний дунд байсаар байдаг. Мууртай байхын сайн болон дутагдалтай талуудын талаар https://news.zindaa.mn/3xiv унших боломжтой. Муур тэжээх эсэх нь хүний эрх, сонголт ч гэлээ хэрэв та бага насны хүүхэдтэй бол сэрэмжлэхэд илүүдэхгүй. Муур тэжээхийн сайн сайхан тал олон. Тэд хүний амь аварсан тохиолдол ч олон байдаг билээ.

Жич: Дээрх мэдээлэл нь амьтан хайрлах эрхийг үл хүндэтгэсэн санаа агуулаагүй бөгөөд бодит жишээ, судалгаа, мэдээллийг сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэсэн болно.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button