Хайр дурлал

Эхнэрээ, төрсөн ганц охиноо муу муухай амьдруулахыг хүсдэг эр хүн байдаг гэж бодохоор одоо ч сэтгэл минь давчиддаг

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний амьдралд болсон зүйл юм л даа. Ийм хүн бас байдаг юм билээ шүү. Би одоо 38 настай эмэгтэй. 22 настайдаа охиныхоо аавтай танилцаж, 23 настайдаа охиноо төрүүлсэн. Тэр үед охины маань аав ажил ч үгүй, мэргэжил ч үгүй, ямар ч хөрөнгөгүй байлаа. Тэгэхэд би түүнийг боломжгүй гэж голсонгүй.

Би өөрөө оюутан байсан юм. Уг нь би бодохдоо бид залуу хүмүүс юм чинь хамтдаа зүтгээд болно, сайхан амьдарна, би сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллана, намайг дэмжээд хамтдаа зүтгээд болно гэж бодож байлаа.

Тэр хааяа найзуудтайгаа хувиараа машин засдаг ажилтай, ихэнхдээ бол ажилгүй л байдаг байсан. Бас хажуугаар нь ууж идэж, наргиж цэнгэх дуртай. Охин, бид хоёрт бол хайртай байсан л гэж боддог.

Би угаасаа эд мөнгөний шунал багатай хүн болохоор илүү дутуу юм ч нэхэж зовоодоггүй байсан. Хааяа ажил гараас гарсангүй, мөнгө төгрөг олсонгүй гэхээр нь итгэдэг л байсан. Олсон хэдэн төгрөгөөр нь арай гэж ууж идэхээ зохицуулаад л байдаг байлаа.

Сүүлд мэдэхнээ мөнгө олсонгүй гэсэн тэр үедээ ууж идэж наргиж цэнгээд гадуур хонож өнжөөд л олсон хэдэн төгрөгөө үрээд явдаг байсныг мэдсэн. Ер нь олон удаа хөдөө ажлаар явлаа, машин засаад ажил дээрээ хонолоо л гэдэг байсан нь худал байсан.

Тэр үед манайх угаалгын машин ч үгүй байлаа. Эрэгтэй хүний хувцас болохоор том, жинсэн хувцаснууд хатуу, дээр нь машины тос энэ тэр болсон би ус халаагаад л гараа өвдтөл угаадаг. Хэрэндээ л цэвэрхэн явуулах гээд хичээнэ.

Хааяа ажил дээрээ хонож өнжөөд, гэр орондоо ирэхгүй ууж идээд явчихна, гэртээ ирээгүй юм чинь хувцсаа солихгүй гадуур явах үе байсан. Тэгэхэд найзынх нь эхнэр надад нэг удаа танай хүнийг муухай хувцастай гадуур явдаг, эхнэр нь арчаагүй гэж хүн ярьж байналээ гэж хэлж байсныг би мартдаггүй юм.

Гараа өвдтөл хувцсыг нь угаахад хувцасных нь карманаас эмэгтэй хүний ээмэг их гардаг байсан. Тэр нь хөөрхий төмөр хямдхан юм өө. Асуухаар байнга л мэдэхгүй гэж хэлдэг, худал үгийг 1000 давтахад үнэн болдог гэгчээр янз бүрийн юм ярьж намайг итгүүлээд л орхидог байсан.

Зөвхөн ууж идээд зогсохгүй, намайг ямар ч буруугүй байхад их зoддог байсан. Уйлуулж нус нулимс барчихаад маргааш өглөө нь болохоор ханийгаа уучлаарай, дахиж ёстой ингэхгүй, уучлаарай гээд л гэрээ цэвэрлээд, хоол унд хийж өгнө тэгэхээр нь миний уур гарчихдаг.

Тэгээд хэд хоног гайгүй байж байгаад л надад буцаад гар хүрнэ. Эмэгтэй хүн удаан тэвчиж, бүр мөсөн явдаг гэдэг үнэн юм билээ. Би удаан бодсоны эцэст байхгүйд нь охиноо аваад гэрээсээ зугтааж салсан л даа.

Сүүлдээ дэндүү их гомдол цээжин дээр бөөгнөрөөд уучилж чаддаггүй юм билээ. Уг нь охиноо өнчрүүлнэ гэж бодож хүнтэй суугаагүй л юм. Хэрэв би буруу зүйл хийгээд зoдуулсан бол миний хохь л гэж бодох байсан.

Тэгэхэд намайг ямар ч буруугүй байхад apxи даpc ууж, наргиж цэнгэж ирчихээд зoддог байсанд нь одоо хүртэл их гомддог. Нэг удаа coгтуу ирээд агсан тавьж зодоод хавиргыг маань ч хугалж байлаа. Эмчлүүлэх ч мөнгө байхгүй, ичих ч үгүй намайг өөрөө дагуулаад гэмтлийн эмнэлэг рүү алхаж явсан даа.

Нөхөр зoдсон гэж хэлэлтэй биш ичээд шөнө явж байгаад танихгүй хүнд зoдуулсан л гэж хэлсэн. Өөрөө энэ бүх үнэнийг мэдэж байгаа. Намайг буруугүй байхад ингэж зовоож байснаа мэддэг л байх. Найз нөхөддөө бол намайг л байнга буруутгаж ярьдаг гэсэн.

Яахав хөөрхий өөрийнхөө нэр төрийг хамгаалж байгаа хэрэг л дээ. Манайх Хархорин захаас бүр арагшаа гэр хороололд байсан. Өгсөн хэдэн төгрөгийг нь хүргэх гээд л би бас байхгүйд нь ажлаа амжуулах гээд Хархорин захаас хүнсний зүйлээ цуглуулаад хоёр ууттай юмтай гар тасрах гээд л амран барин явна. Таксидах гэхээр хүнсээ ахиухан авчих гээд л мөнгөндөө таталдана.

Салсаныхаа дараа жил орчимын дараа охины маань аав 2010 оны 3 сард Солонгосруу ажил хийхээр явлаа. Тэр үеэс л биднийг хэн хэнийг нь таньдаг байсан залуу биднийг салсаныг мэдээд, тэрийг ч Солонгос явсаныг мэдээд намайг уулзъя гээд ярьдаг болсон.

Надад уулзах сонирхол ч байгаагүй л дээ. Тэгээд 4 сарын турш байнга надруу ярина, орой болгон мессеж бичнэ. Ингээд би ч за за угаасаа нөхрөөсөө салчихсан юм чинь, өмнө нь ямар их зовж байлаа өөр хүнтэй уулзаад үзье гээд олон сар гуйлгуулсаны эцэст 7-р сард сард уулзсан юм.

Уулзсан эхний өдрөөсөө л би эрэгтэй хүн заавал хахир хатуу биш ийм зөөлөн сэтгэлтэй байж болдог юм байна. Эр хүний нөмөр нөөлөг гэж ийм зүйл байдаг гэдгийг мэдэрсэн. Тэгээд л энэ маягаараа нэг жил орчим уулзаж явсаар 2011 оны 6-р сараас охин бид гурав хамт амьдарч эхэлсэн.

Охинд маань ч маш сайн ханддаг, бараг ааваас нь ч илүү байсан. Охин ч гэсэн ахаа, ааваа гэж хольж ярьсаар их дотно болсон. Харин энэ хугацаанд хуучин нөхөр маань Солонгосдоо л ажиллаад байгаа, охин бид хоёртой бол ямар ч холбоогүй.

Охиныгоо яаж байна, ямар байна ч гэж асууж байсангүй. Тэгээд таг чиг байснаа энэ залуутайгаа яг нэг гэрт орсон цагаас эхлээд надруу юм бичдэг, охинтойгоо утсаар ярина гээд өдөрт хэд хэд залгадаг боллоо.

Би ч тэгээд муу ч гэсэн төрсөн аав нь юм чинь бие биенийгээ санадаг байх гээд холбоотой байлгах гээд хаяа утсаар яриулна. Хуучин нөхөр маань одоогийн хамт амьдарч байгаа залууг маань танина, найзтай нь найзууд нь болохоор Монголд байхдаа гайгүй танилын харилцаатай байсан юм.

Би ч ингээд л зовсоны эцэст жаргадаг юм байна гэж бодоод их л жаргалтай айлын эзэгтэй болчихсон явж байсан. Тэгсэн гэнэт л хамт амьдарч байгаа залуу маань огцом өөрчлөгдөөд ирсэн. Хуучин нөхөр шиг маань хатуу хахир, уур уцаартай хүн биш болохоор чим чимээгүй дуугүй л болчихно.

Яасан юу болсон гэхээр олигтой юм дугарч өгөхгүй. Би яагаад ингээд байгаа учрыг нь мэдэхгүй болохоор аргадаж, ам хэлээ ололцож төдийлөн чадахгүй байсаар бидний нөгөө шинэхэн халуун дулаан харилцаа маань нэг мэдэхэд л хүйтэн хөндий танихгүй хүмүүс шиг болчихсон.

Нэг орой жаахан уучихсан халамцуу ирээд харин үнэнээ хэлсэн, хуучин нөхрийн маань найзууд намайг тэрэнд маш их явдалтай байсан, зөндөө хүнтэй явдаг. Бараг биeэ vнэлэгч шахуу байсан гэж хэлсэн байсан.

Намайг тийм болохоор нөхөр нь тэсэхгүй салаад Солонгос явсан гэж ойлгуулсан байсан. Гэтэл би өмнөх нөхөртэйгөө байхдаа хүнтэй явалдах нь байтугай өөр эрэгтэй хүнрүү эгцэлж ч харж үзэж байгаагүй.

Тэр их зoдуурыг нь даахгүй, өөрийгөө дopомжлуулж хууртагдаж байсан болохоор л би өөрөө зугтаан байж салсан. Тэгээд худал үгийг мянга давтвал үнэн болдог гэгчээр би яаж ч өөрийгөө зөвтгөж тайлбарлаад түүнд итгүүлж чадаагүй.

Ингэж явсаар харилцаа маань улам хүйтэн хөндий болж бид салахаар шийдсэн. Би охиноо аваад тэднийхээс явсан. Хожим сонсохнээ хуучин нөхөр маань хар хол Солонгосоос охин бид хоёрыг өөртэй нь амьдарч байснаас нь илүү сайхан, жаргалтай амьдарчихвий гэсэндээ найзуудаасаа гуйж биднийг салгах гэж тийм зүйл зохиож яриулсан байж билээ.

Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ, гэхдээ охин бид хоёр эр хүнгүй гээд муу муухай амьдарсан зүйлгүй харин ч жаргалтай амьдарч байна даа. Хуучин эхнэрээ, төрсөн ганц охиноо муу муухай амьдруулахыг хүсдэг эр хүн байдаг гэж бодохоор одоо ч сэтгэл минь давчиддаг…

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button